Wednesday, May 20, 2009

Амьдрал


Амьдрал гэж энэ гэх юм
Алдсан оносон алхамтайгаа хамт
Андуурсан, танисан доголтойгоо хамт
Амраглан, салсан учралтайгаа хамт
Ахисан дөхсөн алхамтайгаа хамт
Амьдрал гэж ердөө энэ гэх юм.

Дутсан дүүрсэн заяатайгаа хамт
Дурласан хагацсан сэтгэлтэйгээ хамт
Дуулсан уйлсан өдрүүдтэйгээ хамт
Дассан салсан хайртайгаа хамт
Амьдрал гэж байгаа нь л энэ гэх юм.

Биелсэн биелээгүй хүслэнтэйгээ хамт
Бишүүрхсэн, тунирхсан харцтайгаа хамт
Бүтсэн бүтээгүй үйлстэйгээ хамт
Булгилсан, хөрсөн зүрхтэйгээ хамт
Амьдрал гэж төрхөөрөө байгаа нь л энэ гэх юм.

Гуйсан, гуйгаагүй төрхтэйгөө хамт
Гунирхсан баяссан мөчүүдтэйгээ хамт
Ганцаардсан ганцаардаагүй харгуйтайгаа хамт
Гэмшсэн нөхсөн алдаатайгаа хамт
Амьдрал гэж оршдгоороо байгаа нь л энэ гэх юм.

Олсон алдсан жаргалтайгаа хамт
ойртсон холдсон сэтгэлтэйгээ хамт
Одоо маргаашийн хүслэнтэйгээ хамт
Орхисон эргэсэн нөхөрлөлтэйгөө хамт
Амьдрал гэж юу ч биш зөвхөн энэ л гэх юм.

Тэнэсэн тэнэгэлсэн ухааралтайгаа хамт
Түшсэн түшүүлсэн элбэрэлтэйгээ хамт
Тайлсан таньсан оньсоготойгоо хамт
Ташуурсан зассан тавилантайгаа хамт
Амьдрал гэж энэ гэх юм аа..

Уйлаагүй хүмүүн гэж байдаг гэжүү?
Унаагүй аварга төрдөг гэжүү?
Ухаарахын тулд алддаггүй гэжүү?
Учирсны дараа хагацдаггүй гэжүү?
Дүүрэн жаргал дундардаггүй гэжүү?
Төгс амьдрал байдаг гэжүү?
Дурлал үнýхээр мөнх гэжүү?
Дэлгэрсэн цэцэг хагдардаггүй гэжүү?

Аз жаргалыг бүгд л хаа нэг газраас бэдрэнэ
Алтгүй нэг нь алт олох гэж
Аягагүй нөгөө нь аягатай болох гэж
Амраггүй нэг нь дурлалтай учрах гэж
Ахисан нөгөө нь дахин урагшлах гэж
Зовсон нэг нь жаргалд хүрэх гэж
Жаргасан нэг нь улам жаргах гэж
Зах хязгааргүй аянд бүгд тэмцсээр
Бүгд бэдэрсээр...
Амьдрал гэж энэ гэдгийг умартан
Аз жаргал хэмээх салхины араас
Ахин нэг тэмтэчсээр, бэдэрсээр...

0 comments: